ХҮҮХДИЙГ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АЮУЛГҮЙ ОРОЛЦУУЛАХ ДАДЛЫГ ЗӨВ ХЭВШҮҮЛЭХ ТАЛААР ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

ХҮҮХДИЙГ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АЮУЛГҮЙ ОРОЛЦУУЛАХ ДАДЛЫГ ЗӨВ ХЭВШҮҮЛЭХ ТАЛААР ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

ЗӨВЛӨГӨӨ, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД

ЯВГАН ЗОРЧИГЧООР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ҮЕД:

    Эцэг  эх,  асран  хамгаалагч  нар  хүүхдийг  авто  замын  хөдөлгөөнд  аюулгүй,  зөв оролцох  талаар  сургаж,  тэдэнд  энэ  талын  мэдээлэл  олж  авахад  нь  туслах,  авто  замын хөдөлгөөнд зөв оролцох боломж олгох   хэрэгтэй

  Авто замын хөдөлгөөнд аюулгүй оролцох тухай асуудал хүүхдийн хувцаслалтаас эхэлнэ. Өмсөж  байгаа  гутал  нь  хүүхдийг  зам  хөндлөн  гарах  үедээ  хальтрах,  тээглэх  зэргээс хамгаалсан  байх  ёстой. Жишээ  нь:  гутлын  үдээсээ  сайн  үдсэн  байх,  хальтардаг  ултай гутлын уланд хальтрахаас хамгаалах резин наах гэх мэт.

  Мөн цайвар өнгийн хувцас өмсүүлэх нь өглөө эрт болон оройн бүрий, харанхуй үед   зам хөндлөн гарахад тод харагдах сайн талтай байдаг. Ялангуяа эрт харанхуй болдог улиралд, мөн  оройн  цагаар  зам  хөндлөн  гарах  шаардлагатай  үед  өмсөж  яваа  хувцасны  ил  гарсан хэсэгт болон цүнхэнд нь цацруулагч байрлуулах хэрэгтэй. Цацруулагчтай яваа хүүхдийг жолооч  нар  сайн  харж  чаддаг  учраас  замын  хөдөлгөөнд  оролцож  байх  үед  ямар  нэгэн асуудал  тохиолдохоос  жолооч  урьдчилан  сэргийлэх  арга  хэмжээ  авч  амжих  боломжтой байдаг.

 Сургуульдаа явах цагаа зөв тооцоолж гэрээсээ гарч сурах нь замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой  оролцохтой  шууд  холбоотой  байдаг.  Хэтэрхий  цагаа  тулгаж гэр, сургуулиасаа гарснаас үүдэн яарч сандран, анхаарал болгоомжгүй  зам хөндлөн гарч яваад зам тээврийн осол, гэмтэлд өртөж болзошгүй байдаг.

  Гудамж,  замын  хөдөлгөөнд  оролцож  байх  үедээ   хэзээ  ч  чихэвчний  хөгжим  сонсож,  гар утас, зөөврийн жижиг компютерийг ашиглахгүй байхыг сануулж, сургах. Учир нь эдгээр зүйлсийг хэрэглэсэн үед хүний орчиноо мэдрэх мэдрэмж буурдаг. Ялангуяа гудамж, замын хөдөлгөөнд  оролцох  үед  хүний  сонсох,  харах  мэдрэмж  маш  чухал  үүрэгтэй  байдаг. Хурдтай  ирж  яваа  авто  тээврийн  хэрэгслийн  чимээг  чихэвчний  хөгжим  сонсож яваад  сонсоогүйгээс осол гэмтэлд орох тохиолдол гардаг.

  Хүүхдээ  зам  хөндлөн  гарахдаа  гэрлэн  дохиотой  газар  болон  явган  зорчигчийн  цагаан зураастай газраар гарч сургах, ногоон  гэрэл  ассаны  дараа  авто  тээврийн  хэрэгсэл  бүрэн  зогсож  зам  аюулгүй  болсны дараа зам хөндлөн гарах

  Ногоон гэрлээр зам хөндлөн гарах гэж хэтэрхий яарч, сандарч гүйхдээ барьж явсан зүйлээ унагааж, хөдөлгөөн удаашран замын голд зогсож  болзошгүйг анхааруулах

  Хэрвээ гэрлэн дохиогүй газраар зам хөндлөн гарах бол замын хөдөлгөөн сайн харагдахуйц газрыг сонгох. Жишээ нь: авто тээврийн хэрэгсэл зогсоогүй, мод бут, зар сурталчилгааны самбар гэх мэт зүйлс  хаагаагүй байх ёстой.

  Хэрвээ  авто  тээврийн  хэрэгсэл  зогссон,  мод  бут,зар  сурталчилгааны  самбар  гэх  мэт зүйлс   үзэгдэх орчинг хаасан хэсгээр зам хөндлөн гарахаар бол замын хашлаганы цаанаас баруун, зүүн тийш сайн харж анхаарал болгоомжтой гарах

  Гэрлэн  дохиогүй  газраар  зам  хөндлөн  гарахдаа  авто  тээврийн  хэрэгсэл  явж  өнгөрсөний дараа, дараагийн   тээврийн хэрэгсэл   баталгаатай хол байгаа үед  хугацааг зөв тооцоолон анхаарал болгоомжтой гарах талаар сургах

  Бага  насны  хүүхдэд   гэрлэн  дохионы  3  өнгө  болон  цагаан  шугаман  гарцийн  учрыг   зөв тайлбарлаж сайн ойлгуулах. Өөрсдөө үлгэрлэн явган зорчигчид зоруилсан цагаан шугаман гарцтай газраар ногоон гэрлээр зам хөндлөн гарч байх

  Цэцэрлэг,  сургууль  дээр  багш,  мэргэжилтнүүдийн  заасан  авто  замын  хөдөлгөөнд  зөв, аюулгүй оролцох тухай тоглоомыг гэртээ хамт тоглох, хичээлийг хамт давтах, авто замын хөдөлгөөнд оролцох үедээ хамт турших зэргээр зөв хандлага, зан үйлд сургах Ном,  дэвтэр,  хэвлэл,  мэдээлэл,  цахим  орчинд  байгаа  зам  тээврийн  осол,  гэмтлээс урьдчилан сэргийлэх тухай зурган мэдээлэл, сэрэмжлүүлгийг сайн тайлбарлаж ойлгуулах, зөв ойлгосон эсэхийг дахин лавлах

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИХ ҮЕД:

  Авто  тээврийн  хэрэгсэл  бол  хүүхдэд  биш   насанд  хүрсэн  хүмүүст  зориулан  бүтээгдсэн байдаг.   Тээврийн  хэрэгслийн  суудал  нь  хүүхдэд  хэтэрхий  том  байдаг  учраас  хүүхдийг найдвартай  хамгаалах  боломжгүй.  Тийм  учраас  эцэг,  эхчүүд  бага  насны  хүүхдийхээ биеийн  хэмжээнд тохирсон суудал, бүсийг хэрэглэж сурах

  Замын  хөдөлгөөний  дүрмэнд  заасан  5-с  доош  насны  хүүхдийг  урд  суудалд  суулгахгүй байх, суудлын бүс хэрэглэж байх заалтыг байнга баримтлах

  Хүүхдээ  тээврийн  хэрэгслээр  зорчих  үедээ  байнга  суудлын  бүсээ  бүсэлж   байхыг

сануулах,  хэвшүүлэх.  Энэ  нь  авто  тээврийн  хэрэгслийн  арын  суудалд  суухад  ч  гэсэн

байнга баримтлах ёстой зан үйл юм.

  Олон нийтийн тээврийн хэрэгсэлээр зорчих үедээ хүүхдээ суудалд сууж явах, сул суудал байхгүй тохиолдолд авто  замын донсолгоо, огцом эргэлт, зогсолт зэрэг шалтгааны улмаас унаж  бэртэхгүйн  тулд  бариулаас  сайн  барьж  зогсож  байхыг  сануулж,  хамт  явах  үедээ биеэрээ үлгэрлэн сургах

  Хүүхдээ  тээврийн  хэрэгслээр  зорчихдоо  үргэлж  баруун  гар  талын  хаалгаар  буюу

авто  тээврийн хөдөлгөөнгүй талаар бууж, сууж сургах

  Тээврийн хэрэгсэлээс буусан үед үргэлж машины  ар талаар нь тойрч анхаарал, болгоомжтой гарч явж сургах.

About Author

Related posts

Give a comment