ХҮҮХДИЙН 108 ДУГААРТ ӨДӨРТ 800 ГАРУЙ ХҮҮХЭД ХОЛБОГДОЖ ТУСЛАМЖ ХҮСДЭГ

ХҮҮХДИЙН 108 ДУГААРТ ӨДӨРТ 800 ГАРУЙ ХҮҮХЭД ХОЛБОГДОЖ ТУСЛАМЖ ХҮСДЭГ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Хүүхэд хүчирхийлэлд өртөх байдал жил ирэх тутам нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Тухайлбал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирж буй дуудлагын ихэнх хувийг ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн дуудлага эзэлж байна. Тус дугаар 2014 оноос дуудлага хүлээн авч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 96 мянга 125 дуудлага иржээ. Өнгөрсөн сард л гэхэд 12 мянган дуудлага ирсэн байх жишээтэй. Тэгэхээр өдөрт хүчирхийлэлд өртсөн, хэн нэгэнд зодуулсан, гадуурхагдсан, дээрэлхүүлсэн зэрэг 500-800 хүүхэд 108 дугаарын утаснаас тусламж хүсч холбогддог гэсэн үг. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зөвлөгч Х.Энх-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага ихэссэн гэх мэдээлэл бий. Ихэвчлэн ямар хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд 108 дугаарт холбогддог вэ?

-Хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирсэн дуудлагыг бид хэд хэд ангилдаг. Хүүхэд хамгаалал буюу бие махбодийн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл зэрэг дуудлага багтах бол зөвлөгөө, мэдээлэл хүссэн дуудлаганд үерхэл, нөхөрлөл, үе тэнгийнхний харилцаа, цаашлаад хичээл боловсролтой холбоотой зөвлөгөөнүүд багтдаг. Ер нь 108 дугаарын утсанд хүүхэдтэй холбоотой дуудлага хүлээж авснаас хойш хүүхдүүд хүчирхийлэлд, тэр дундаа гэр бүлд үйлдэгдэх хүчирхийллийн дуудлага жилээс жилд нэмэгдэж байна. Бид ачаалалтай үед 800 гаруй дуудлага хүлээн авдаг.

-Эцэг, эхдээ зодуулсан ч юм уу ямар нэгэн дарамтад орсон хүүхэд тэр болгон хүнд нээлттэй хандаад байхгүй. Харин танай лавлах руу зориг гаргаж ханддаг. Энэ тохиолдолд танайхаас ямар бодит тусламжийг үзүүлдэг вэ?

-Хүүхэд маш эмзэг. Хүүхэдтэй холбоотой мэдээлэл, дуудлагад маш хянамгай хандахгүй бол эргээд хүүхдийн эрхийг ноцтой зөрчих нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс манай тусламжийн утас 152 хороо, 336 сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг, 21 аймаг, есөн дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллаж байна. Хүүхэд, хамгааллын яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төв 101, 102, 103, 105 зэрэг тусгай дугаарын утастай хамтран байнга мэдээлэл солилцон ажиллаж байгаа. Гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тухай мэдээллийг хажуу айлын хөрш нь ч юм уу өглөө гэхэд тухайн дуудлагыг цагдаагийн байгууллагад дамжуулж, улмаар холбогдох газруудад ханддаг. Энэ төрлийн хүчирхийллийн дуудлагыг бид “Халуун дуудлага” гэж нэрлэдэг. Аливаа дуудлагыг заавал нягталж, хянасны эцэст зохих мэргэжлийн байгууллагад дуудлагын тухай мэдээллийг явуулдаг. Мэдээж энэ тохиолдолд нууцын зэрэглэлтэй болохыг анхааруулна. Хүүхдийн тухай мэдээлэл, нууцыг задруулж болохгүй. Ингэснээр эргээд хүүхдийг эрсдэлд оруулах магадлалтай. Хүүхдийн тусламжийн утас, хүүхдийн байгууллагууд ажиллаж байгаа хэдий ч хүндрэлтэй, тулгамдсан нэг асуудал байдаг.

-Ямар асуудал?

-Хүчирхийлэлд өртсөн хүүхэд бидэнтээ холбогдлоо гэхэд хамгаалах байр байдаггүй. Бараг зарим газраас гуйж нэг цэгийн үйлчилгээ рүү ч юм уу шилжүүлдэг. Иймэрхүү байдалтай л ажилладаг.

-Амиа хорлох түвшинд хүрсэн хүүхдүүдийг утасны цаанаас мэдэх боломжтой юу?

-Тийм тохиолдол байдаг.Цахим хуудсаараа хэт задгай зургаа алдчихаад сүрдүүлэгт өртчихсөн, бэлгийн хүчирхийлэлд өртсөн зэрэг асуудалд орсон өсвөр насныхан ихэвчлэн амиа хорлох бодолтой байдаг. Ярилцах тусам хүүхдүүд амиа хорлох талаар бодож байсан, амиа хорлох санаа, сэдэл байна гэдэг ч юм уу их зүйлс ажиглагддаг.

-Гэр бүлийн хүчирхийлэл хаана, ямар орчинд илүү үйлдэгддэг бол?

-Нөхцөл шалтгаан, байршил янз бүр. Мэдээж хүний нүднээс далд хүчирхийлэл үйлдэгдэж байгаа учраас тэр болгон олон нийтэд ил болоод байхгүй. Зарим тохиолдолд манайд холбогдож буй хүмүүс “Манай хажуу айл хүүхдээ зодоод байна”, ах дүү хамаатан садан нь “Тэнд ийм хүүхэд эцгийнхээ дарамтад байна. Бид нэрээ хэлж чадахгүй. Айж байна” гэдэг ч юм уу маш олон тохиолдлоор мэдээлэл ирдэг. Байршлын хувьд гэр хороолол, орон сууц, хороололд ялгаагүй л хүчирхийлэл явагдаж байна.Ялангуяа хотхон, хорооллын орон сууцанд чимээгүй хэлбэрийн хүчирхийлэл явагдах нь их. Гэртээ хүүхдээ ганцааранг нь орхиж, дэглэх, зодох, дарамтлах асуудал их байдаг. Мөн сургууль, цэцэрлэгийн орчинд их дуудлага ирдэг. Сурагчид нэгнээ дээрэлхэх, мөнгө төгрөгийг нь булаах, эсвэл багш хүүхдийн эрхийг зөрчиж гар хүрсэн гэх зэрэг хүүхэдтэй холбоотой байж болох маш олон дуудлага ирдэг байгаа.

-Танай 108 дугаарт гэртээ ганцаараа үлдсэн хүүхдүүд их холбогддог гэсэн. Тэр хүүхдүүд холбогдоод чухам юу гэж ярьдаг вэ?

-Арван дуудлага тутмын хоёр нь энэ төрлийн дуудлага байдаг. “Манай аав, ээж ажилдаа явчихсан. Намайг гэрт цоожлоод үлдээсэн. Би айгаад байна”, “Ганцаараа байхаас би айдаг”, “Гэртээ ганцаараа цоожтой байна” гэх зэргээр бага насны хүүхдүүд ярьдаг. Харин арваас дээш насныхан “Гэртээ ганцаараа хийх юм олдохгүй байна. Би яах ёстой вэ” гэж их ханддаг.Тухайн үед манай операторууд цагаа зөв ашиглах тал дээр гэрийн даалгавраа хий гэдэг ч юм уу зохих зөвлөгөөг өгдөг л дөө. Хэрвээ таваас доош насны хүүхдүүд гэртээ харгалзах хүнгүй ганцаараа байна гэвэл яаралтай гэрийн хаягийг нь тодорхойлж, аав, ээжийнх нь утасны дугаарыг авч холбогддог. Мөн харьяа цагдаагийн газарт нь мэдэгддэг. Мөн манайд хүүхдийн хүмүүжлийн талаар зөвлөгөө авах гэж эцэг, эхчүүд ч холбогддог.

-Хүүхдийн тусламжийн 108 дугаарт сард дунджаар 12-13 мянган дуудлага ирж байгаагийн 1000 гаруй дуудлага нь чимээгүй дуудлага эзэлж байсан.Энэ дуудлагыг танай мэргэжилтнүүд яаралтай буюу “Халуун дуудлага”-д хамруулдаг юм билээ.Яагаад?

-Чимээгүй дуудлага бол хамгийн эрсдэлтэй гэж үздэг.Тухайн хүүхэд хүчирхийлэлд өртчихөөд хэн нэгэнд хэлж зүрхэлдэггүй, эсвэл хэлэх боломжгүй нөхцөлд утасны цаанаас дуугардаггүй байх магадлал өндөр. Тиймээс манай сэтгэл зүйчид, мэргэжилтнүүд тухайн дугаарын хоёр дуудлагыг хүлээнэ.Дараагийн удаад дахин нягтална. Ингээд тухайн утас руу холбогдох ч юм уу, цаад учрыг нь олох замаар харилцаа үүсгэдэг. Хүүхдүүд 108 дугаарт залгаснаар хэн нэгэнтэй хуваалцаж чадахгүй, нууж буй зүйлээ илэн далангүй хуваалцаж зөвлөгөө авдаг. Нүүр царай харагдахгүй учраас илүү тайван байдаг болов уу. Ер нь хүүхдүүд сэтгэл зүйн хувьд туслалцаа авдаг. Манай эцэг, эхчүүд хооллож, хувцаслаж байвал хүүхдээ бодож байна гэж ойлгодог. Гэвч энэ нь зөвхөн хэрэгцээг нь хангах төдий. Тэдний ертөнцөд болж буй бүх зүйлийг мэддэг, гадарладаг байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ ярилцсанаар илүү дотно харилцаа бий болно. Ингэснээр та хүүхдээ магадгүй үүсч болох эрсдэлээс хамгаалж буй явдал юм.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг байнгын хяналтад байлгах хэрэгтэй. Учир нь хүүхэд тухайн орчинд байсан цагт дахин хүчирхийлэлд өртөхгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс нэн тэргүүнд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах байр чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгэхгүй бол сайндаа л цагдаагийнхан очиж хүүхдээ зодсон эцгийг нь ч юм уу, эхийг нь түр саатуулаад л эргээд гаргадаг. Цагдаагийн гараас мултарсан эцэг, эх хүүхдэдээ өс санаж өмнөхөөсөө ч илүү харгисалдаг гэсэн судалгаа ч бий.

About Author

Related posts

НИЙГМИЙН АСУУДЛЫГ ОНОШЛОГЧ – ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАС “108”

Өнөөдөр “Олон улсын Хүүхдийн Тусламжийн Утасны өдөр” тохиож байна. Дэлхийн хэмжээнд 168 орны 173 орчим хүүхдийн тусламжийн утас үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд уг тусламжийн утсыг олон улсад hotline буюу халуун шугам, helpline буюу тусламжийн шугам, childline буюу хүүхдийн тусламжийн утас хэмээн нэрлэдэг. Уг тэмдэглэлт өдрийн хүрээнд бид энэ...

Дэлгэрэнгүй

Give a comment